Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 12 сарын 19
Хувь, хувьсгалын цэцэрлэгийн бодит байдал
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш эмч нараас эхлээд хувь, хувьсгалын ажлыг хослуулах болсон юм. Өөрөөр хэлбэл, улсын, хувийн гэх тодотголтой эмнэлэг, сургуулиуд үүдээ нээж, тэр хэрээрээ ч нийгэмд зааг бий болсон гэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн жилүүдэд хувийн гэх тодотголтой цэцэрлэгүүд шил даран байгуулагдах болсон юм. Тиймээс ч бид улсын цэцэрлэгийн нэгэн өдрийг сурвалжлахаар нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийг дэмжигч 76 дугаар цэцэрлэгийг зорилоо.

Амтат хоол, шинэхэн талхны үнэр...  

Биднийг очиход 11:00 цаг болж байсан бөгөөд цэцэрлэгийн үүдээр оруут амтат хоол, шинэхэн талхны үнэр ханхийв. Учир нь хүүхдүүдийн үдийн хоолыг тус цэцэрлэгийн тогооч бэлдэж байгаа нь энэ аж. 76 дугаар цэцэрлэг үүдэндээ шинэ жилийн мэндчилгээ байршуулж, өнгө, өнгийн саа, бөмбөлгөөр гоёж, хэдийнэ баярын уур амьсгалыг бүрдүүлжээ.  Цэцэрлэгийн баруун жигүүрт “Цалин мөнгөн тэнгэртээ Цасан угалз наадуулсан Цагаан торгон өмсгөлдөө Цацаг чимэг сагсуулсан” хэмээх шинэ жилийн дуу эгшиглэж, хүүхдүүд даган дуулна. Учир нь тус цэцэрлэгийн багачууд хуваарь ёсоороо шинэ жилийн баяраа “Хөгжмийн танхимд” тэмдэглэж байгаа нь энэ  аж. Биднийг  АБТА Д.Чимгээ багш угтан авсан бөгөөд өөрийнхөө ангитай танилцахыг урьсан юм. Д.Чимгээ багш цэцэрлэг хэмээх хүүхэд шуугисан их өргөөтэй амьдралаа   холбоод 30 гаруй жилийг үджээ.
Тэрбээр тус цэцэрлэгт бага ангийн багшаар ажилладаг бөгөөд түүний ангид 2-2.5 настай багачууд хүмүүждэг юм билээ. Энэ анги 25 бяцхан “сурагчтай”. Ер нь цэцэрлэгийн нэг ангид 25-30 хүүхэд хүмүүжих ёстой хэмээн стандартад заасан байдаг аж. Тиймээс ч тус цэцэрлэгийн хувьд анги дүүргэлт стандартын дагуу юм билээ. Улмаар багш нар нь нэг их ачаалалттай ажилладаггүй гэдгийг Д.Чимгээ багш онцолж байв. Түүнчлэн бүлгийн анги даасан 12 багш ажилладагаас 70-80 хувь нь магистр зэрэгтэй гэсэн. Мөн 100 хувь мэргэжлийн багш нар ажилладаг юм билээ. Д.Чимгээ багшийн ангиар ороход бяцхан жаалууд тус тусын ширээндээ суун, өдрийн хоолоо идэхээр зэхэж байв. Харин биднийг оруут өөдөөс гүйлдээд ирэв. “Наадуул чинь гадны хүнийг андахгүй. Элэг барихаа сайн мэднэ” хэмээн Д.Чимгээ багш инээмсэглээд хүүхдүүдийг байрандаа суухыг анхааруулав. Гэвч хүүхдүүд л болсон юм хойно багшийнхаа үгэнд орохгүй шуугицгааж, нэг нь нөгөөгөө “бяцхан” шоглоод уйлуулчихна.

Нэгийг нь арай гэж суудалд нь суулгахад нөгөөх нь өмдөө тайлаад ариун цэврийн өрөө рүү явж харагдав. Тэрбээр биеэ засах гэж байгаа гэнэ. Хоёр настай хүүхдүүд зарим нь хараахан гүйцэд хэлд орж амжаагүй байдаг учир тэдний яриаг зөвхөн багш нар нь ойлгоно. “Үл ойлгогдох” хэлээрээ тэд өөр хоорондоо ярьж, мөн өөрсдийнхөө юу хүсч байгаагаа багшдаа ойлгуулах аж. Д.Чимгээ багш биднийг ангитайгаа танилцуулж, “Математик”, “Дүрслэх урлаг”, “Хэл яриа”, “Харилцаа”-ныхаа булангаар аялуулсан юм. Ангийн булан тохой бүрт 2-2.5 насныхны сэтгэхүйн онцлогт  зориулсан танин мэдэхүйн, тоо тооллын үзүүлэнгүүдийг байрлуулсан байх бөгөөд мэдээллийн самбартаа “Алтан намар”, “Мөнгөн өвөл” зэрэг хийсэн ажлуудынхаа тайланг байршуулжээ.

Үүнийгээ Д.Чимгээ багш “Ер нь цэцэрлэгийн багш хувьсах чадвартай байх ёстой. Хөгжим, дүрслэх урлагаас эхлээд бидэнд заахгүй хичээл гэж байхгүй. Тиймээс ч жил бүрийн намар, хавар, өвлийн улиралд хийсэн ажлаа эцэг, эхчүүддээ тайлагнаж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж мэдээллийн самбартаа байршуулдаг. Тиймээс ч багш, цэцэрлэг, эцэг эхчүүдийн гурвалсан харилцааг эрхэмлэдэг юм” хэмээн тайлбарласан. Мөн есдүгээр сарын 1-нд ирж буй шавь нараасаа сэтгэхүй, хэл ярианы хөгжил ямар төвшинд байгаа талаар судалгаа авдаг бөгөөд сар бүр түүнийгээ баяжуулж, аль болох шавь нараа хөгжүүлэхийг хичээдэг  гэдгээ ч тайлбарлаж байсан юм.

“Золигийн сахал”

Ер нь цэцэрлэгийн багш нар авьяастай байдгийг бид хүүхэд байхаасаа л мэднэ. Учир нь тэд дуулна, шүлэг уншина, жүжиглэнэ, зурж урлана... Д.Чимгээ багш ч ялгаагүй шавь нараа шинэ жилийн баярт нь бэлтгээд өдөржин дуулж, шүлэг уншиж, бүжиглэсэн гэсэн. Харин Д.Чимгээ багшийн анги өнгөрсөн даваа гарагт шинэ жилийн баяраа тэмдэглэсэн гэнэ. Өвөр дээр минь сууж, өөдөөс минь шулганан ярих жаал шинэ жилээр муурын дүрд хувирсан аж. Харин булцгар хөөрхөн хацар дээр нь тосон будгаар аавынх нь  зурсан муурны сахал арилаагүй байв. Энэ муу “золигийн” сахлыг арилгах гэж өдөржин хацраа хорстол угаасныг ч багш нь бидэнд хуучилсан юм. Муурын дүрд хувирсан хүүг тэврэн зогстол нэгэн охин хормойноос минь татав. Энэ охиныг Гармаа гэдэг бөгөөд тэрбээр даваа гарагт зохиогдсон ангийнхаа шинэ жилээр “мисс”-ээр шалгарсан гэнэ.

Харамсалтай нь “мисс” охины нус нь гоожчихож. Нусаа арчаарай гэх багшийн даалгаврыг  сонссон “мисс” охин гараараа ганцхан шудраад цэвэрхэн болчих нь тэр. Хоёрхон настай өхөөрдөм багачууд өөдөөс шулганалдаж, өвөр дээр минь эрхлэх нь таатай байсан ч өдөржин тэдэнтэй байж, өмд, гуталтай нь ноцолддог багшийн хөдөлмөрийг үнэлэх сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм. Тус ангид өнгөрүүлсэн хэдхэн цагийн дотор  цэцэрлэгийн багшийн нөр их хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрсэн. Учир нь нэг нь уйлж, нөгөөх нь нойрмоглож, харин удаах нь хоол нэхнэ. Зарим нэг нь зургаа зурахгүй хэмээн зөрүүдэлж, багшийнхаа хураасан тоглоомыг нурааж орхих нь энүүхэнд. Д.Чимгээ багшаас “Хөгжмийн танхим”-аар зочлох хүсэлт тавихад тэрбээр “Багш нь эхлээд асрагч багшийгаа нэг биеийг нь засуулаадахъя. Учир нь намайг гараад явчихвал түүнд бие засах ч боломж олдохгүй шүү дээ. Бага насны хүүхдүүд болохоор зайлшгүй хоёр хүн байх шаардлагатай” хэмээн учирлав. Д.Чимгээ багшийн ангиас гараад “Хөгжмийн танхим”-аар зочлов. Биднийг очиход өөр нэгэн анги шинэ жилийн баяртаа бэлдэж байв. Тайзан дээр зассан сүлд модыг цасан охид тойрон бүжиж, 12 жил ар, араасаа цуварч, саарал чоно, дэлдэн туулай дэгдэнэ. Багш нь тайзан дээрээ дуулж суух нь эгээ л өөрөө хүүхэд насандаа буцаад оччихсон мэт.

Эндээс гараад “Ёс заншлын өргөө”, “Биеийн тамирын заал”-ыг нь сонирхох гэсэн боловч хаалга нь цоожтой байв. Өнгөрсөн жил тус цэцэрлэг ашигладаггүй байсан  өрөөгөө “Ёс заншлын өргөө” болгон тохижуулжээ. Өргөө цагаан гэр, монгол үндэсний наадгайгаар тохижуулсан энэ танхим хүүхдүүдийн ёсзүй, хүмүүжилд асар өндөр ач холбогдолтой гэдгийг Д.Чимгээ багш онцолсон юм. Ингээд бид тус цэцэрлэгээс гараад дараагийн цэцэрлэг болох 141 дүгээр цэцэрлэгийг зорилоо. “Аз жаргалтай хүүхэд нас” хэмээх үгийг хаягныхаа дээр өлгөсөн нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгээр ороход аргазүйч багш болон эрхлэгч нь эзгүй байв. Учир нь тэд шинэ жилийнхээ баярт бэлтгэж, зурагт хуудас, самбар хэвлүүлэхээр явсан гэнэ. Ингээд бид цааш  нийслэлийн Баянгол дүүргийн хүүхдэд ээлтэй 133 дугаар цэцэрлэгийг зорилоо.

Хоёр хорооны дунд орших ганц цэцэрлэг
133 дугаар цэцэрлэгийн  үүдэнд суух хижээл насны эмэгтэйгээс 50 төгрөгөөр улавч авч өмсөөд аргазүйч багштай нь уулзахаар хоёрдугаар давхарт гарав. Тус цэцэрлэгийн аргазүйч багшийг Б.Номиндалай гэдэг бөгөөд бидний хүсэлтийг уриалгахан хүлээн авч, үйл ажиллагаатайгаа танилцуулсан юм. Бидний эхний зочилсон анги бол бэлтгэлийн “Б” бүлэг. Энэ ангид таван настнууд хүмүүждэг.

Ирэх жил сургуулийн босгыг алхах “ах, эгч” нарын анги хоёр настнуудынхаас мэдээж ялгаатай. Тэдний үзэж, судлах хичээлийн программ дүү нарынхаасаа огт өөр. Гурвалжин, дөрвөлжин дүрс зурж, бичих дадлаа хөгжүүлэхээс эхлээд, тоо тоолол хүртэл тэдэнд сурах зүйл их бий. Учир нь тэд ирэх жил сургуульд орно. Тус цэцэрлэгийн хувьд 1991 онд байгуулагдсан бөгөөд орос “ах нар”-ын барьж өгсөн сүүлчийн цэцэрлэг гэнэ. Оросууд барьсан учраас бүх зүйл нь зориулалтын чанартай барилга гэдгийг цэцэрлэгийн аргазүйч багш онцолж байв. Тус цэцэрлэгийн 14 бүлэгт одоогийн байдлаар 450 хүүхэд хүмүүжиж байгаа аж.

Уг нь 133 дугаар цэцэрлэг 330 хүүхдийн хүчин чадалтай боловч ачаалал нь хэдийнэ хэтэрчээ. 51 багш, ажилчинтай тус цэцэрлэгийн хувьд байгаа боломж нөхцөлдөө тохируулаад аль болох хорооныхоо хүүхдүүдэд хүрч ажиллахыг хичээдэг аж. Гэвч Баянгол дүүргийн IX, XXI хорооны дунд ганцхан цэцэрлэг байдаг тул хүүхдийн тоогоо 450-иас хэтрүүлэх ямар ч боломжгүй гэдгээ Б.Номиндалай багш учирлаж байв. Тэр ч бүү хэл 2-3-уул давж цэцэрлэгтээ ирдэг хүүхэд ч бий гэнэ. Гэр хорооллын голдуу хүүхдүүд хүмүүждэг учраас идэр есийн жавар тачигнасан өдрүүдэд чөлөө авах нь их байдаг аж. “Гэр хорооллын гудамж ямар ч гэрэлтүүлэггүй харанхуй байдгийг бид ямар мэдэхгүй биш. Бяцхан хүүхдүүд өвлийн хүйтэнд харанхуй гудамжаар бүдэрч, хальтиран байж цэцэрлэгтээ ирэх маш хүндрэлтэй шүү дээ. Одоогийн байдлаар бид хоёр хорооны хүүхдүүдийг цэцэрлэгтээ хүмүүжүүлж байна.

Цаана нь цэцэрлэгт хүмүүжих хүсэлтэй 500 гаруй хүүхэд бий. Уг нь  XXI хороонд цэцэрлэг баригдахаар төлөвлөж байгаа гэж байсан боловч энэ жил бас л ашиглалтад орсонгүй. Тус хороонд цэцэрлэг баригдчихвал бид ядаж IX хорооныхоо хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломж бүрдэнэ. Багш хүний хувьд гэр хорооллын хүүхдүүдэд хангалттай сургууль, цэцэрлэг барьж өгөөсэй хэмээн хүсч байна. Тэгэхгүй бол цаана нь хүүхдүүд хохирч байна шүү дээ” хэмээн аргазүйч багш Б.Номиндалай ярьсан юм.

Тус цэцэрлэгийн хувьд ч ялгаагүй хуваарь ёсоороо ангиуд шинэ жилээ тэмдэглээд эхэлчихэж. Цагаан даашинз, гоёмсог титмээр гоёсон охид, дэгжин костюмаар гангарсан хөвгүүд өвлийн өвгөнөөс авсан бэлгээ энгэртээ тэврэн гүйлдэнэ.

133 дугаар цэцэрлэгийн хувьд 2000 оноос эхлэн “Асрал” олон улсын ТББ байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд үүгээр дамжуулан амжиргааны төвшнөөс доогуур орлоготой, ядуу айл өрхийн хүүхдүүдийг цэцэрлэгтээ хүмүүжүүлж байгаа юм байна. Одоогийн байдлаар “Асрал” ТББ-ын  17 хүүхэд хүмүүжиж байгаа аж. Биднийг очиход 16:00 цагаас “Асрал” ТББ-ын  хүүхдүүд шинэ жилээ тэмдэглэхээр зэхэж байсан юм. Харамсалтай нь тус ТББ-ын 17 хүүхдээс энэ өдөр ердөө дөрөв нь цэцэрлэгтээ ирсэн байв. Бусад нь өвдсөн тул гэртээ байгаа хэмээн багш нь тайлбарласан юм. Б.Номиндалай багш “Уг нь бид хүүхдүүдийнхээ бэлгийг бүгдийг нь бэлдчихсэн. Тэгээд заавал ирээрэй гэж эцэг, эхчүүдэд нь сануулсан боловч ирсэнгүй. Хэдийгээр тэд ядуу гэр бүлд төрж, өсч байгаа боловч шинэ жилээр өвлийн өвгөнөөс бэлэг авах эрхтэй шүү дээ. Сая нэг жаалын аавтай нь утсаар ярихад ээж нь төрөх гэж байхад юун цэцэрлэгийн шинэ жил мантай гэж намайг загнаж орхилоо” хэмээн инээмсэглэн ярив.

Бид бэлтгэл бүлгээс гараад “Хөгжмийн танхим”, “Биеийн тамирын заал”-аар зочлоод цааш Ж.Уранчимэг багштай багын “Б” бүлэгт очсон юм. Биднийг ороход хоёр настай жаалууд үдийн хоолоо идээд дуусч байв. Тэд үдийн хоолондоо ногоотой шөл, бууз зооглож байсан юм. Нэгэн  жаал “Надад  мах өгөөч багшаа гэхэд нөгөөх нь лууванд дургүй хэмээн нэгбүрчлэн ялгаж байгаа харагдана. Багш нь тэдний хоолны үлдэгдлийг цэвэрлэсний дараа унтах даалгавар өгч, бүгд биеэ засаад орондоо орохыг үүрэгдэв. Жаалууд ч хоолоо идчихсэн учраас унтаж амрах хэрэгтэйгээ ойлгосон мэт нэг нэгээрээ биеэ засчихаад орондоо орцгоон, унтахаар хэвтэцгээсэн юм. Хоёр настнуудын хувьд есдүгээр сарын 1-нд живхээ цүнхлээд  ирцгээсэн бол харин одоо орчиндоо дасч, биеэ даасан тул живх хэрэглэхээ больжээ. Гурван цэцэрлэгээр ороход  гадаах тоглоомын талбайн тохижолт хангалтгүй санагдсанаа нуух юун. Улсын цэцэрдэгүүдийн хувьд тоглоомын хүрэлцээ тааруу байдаг нь нууц биш. Зүй нь хүүхдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх учиртай байдаг. Гэвч улсаас төсөвлөсөн мөнгө нь багш, ажилчидын цалин, цахилгаан, дулааны хэрэглээ, бичиг, хэрэг, хоолны зардалдаа таардаг гэнэ.

Тодруулбал, жилдээ нэг цэцэрлэгт 44 сая төгрөгийг төсөвлөдөг бөгөөд нэг хүүхдийн хоолны зардалд 1650 төгрөг хэмээн тусгажээ. Харин өнгөрсөн жилийн хувьд 1100 төгрөг байсан хоолны зардлыг энэ онд 1650 төгрөг болгон нэмэгдүүлжээ. Мэдээж 1650 төгрөгөөр хүүхэд өдөрт гурван удаа хооллож чадахгүй. Тиймээс ч цэцэрлэгийн насны хүүхдүүд хоолноосоо шаардлагатай амин дэмийг авч чаддаггүй гэдгийг Б.Номиндалай багш сануулж байсан юм. Тиймээс ч ДЭМБ-ын судалгаагаар монгол хүүхдүүд 2-5 насандаа хоол, тэжээлийн дутагдалд ордог гэдэг нь нотлогджээ. Ингээд бид сурвалжлагаа өндөрлөж, тус цэцэрлэгийн хаалгыг хаалаа.  Өхөөрдөм хөөрхөн жаалууд амтат зүүдэндээ умбан, нойрссоор үлдсэн юм.   

Х.Өнөржаргал


Бид “Монголын үрс маш олон болтугай” гэж ерөөдөг ард түмэн. Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого баримтлах талаар ярьж байна. Түрүүчээсээ хүүхдэд цөөн гэлтгүй хэдэн төгрөг өгч байгаа. Тэгэхдээ залуус хүүхэдтэй боллоо гэхэд хэнээр харуулах вэ гэдэг асуудал урган гардаг. Цэцэрлэгт өгөх гэхээр олддоггүй, хүртээмж муутай. Харин энэ бүхнийг хувийн цэцэрлэгүүд нөхөж байгаа. Гэхдээ хувийн цэцэрлэг  сайн муу, сайхан муухай олон янз. Тэр утгаараа бүх хувийн цэцэрлэгийг сайхан байшин, хэдэн тоглоомоос цаашгүй мэтээр ойлгодог хүмүүс олширсон. Мөн өндөр төлбөр авахаас өөр шидгүй гэх мэтээр муугаар хэлэх болоод байгаа. Тэгвэл манай сурвалжлах хэсэг өчигдөр “Бөмбөөхөн” цэцэрлэгийг зорьж, үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй нь танилцлаа. Тэгэхдээ ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөхийг хүссэнгүй. Зүгээр л тухайн цэцэрлэгийн орчин  нөхцөл ямар байгааг элдэв хачиргүй хүргэхийг зорьсон юм. Мөн Монголын олон зуун гэр бүлийн хүүхдийг харж, хамгаалж, өсгөж хүмүүжүүлж, улсын ажлыг нуруун дээрээ үүрч яваа хамт олны ажлыг нүдээр үзэхийг хүссэн хэрэг.

“Бөмбөөхөн” цэцэрлэг байгуулагдсан том шалтгаан


Тус цэцэрлэг “Модны-2”-ын зам дагуу таван давхар байртай аж. Үүднээсээ авахуулаад л хүүхдийн сэтгэлийг татмаар. Зөвхөн хүүхэд гэлтгүй эцэг, эхийн сэтгэлд ч халуун дулаан санагдахаар тохилог аж. “Өөдлөх айлын өнгө үүднээсээ” гэдэг үгийн үнэ цэнийг мэддэг хамт олон тэнд ажилладаг байх гэж санагдсан. Энэ бол эхний сэтгэгдэл шүү. Орсон даруйд үүдний харуул угтаж, улавч өмсөхийг сануулсан. Биднийг очих үед үйлчлэгч нь цэвэрлэгээгээ хийгээд, гял цал гэж. Улавч өмсөхөд хүртэл амар. Автоматаар өмсчихдөг гэхэд болно. Улавчаа өмсч аваад дээшээ гарлаа. Тус цэцэрлэгийн захирал, багш нар нь гуравдугаар давхартаа байрладаг юм билээ. Шатаар өгсч явах зуур бүх зүйл нь хүүхдэд зориулагдсан гэдэг нь харагдаж байлаа. Шатны хоорондын зай ойрхон, шатны бариул нь намхан, гишгүүр тус бүр дээр 1-9 хүртэл тоотой. Хүүхэд өгсч явахдаа тоогоо тоолоод, эцэг эхээрээ заалгах боломжтой. Ханаар нь дүүрэн хүүхэлдэйн киноны баатрууд болоод үндэсний хувцастай хүмүүсийн зурагтай. Яг л жинхэнэ утгаараа хүүхдийн ертөнцөд ор­оод ирсэн юм шиг.

Энэ бүхнийг эргэцүүлэх зуур гуравдугаар давхарт тус цэцэрлэгийн захирал н.Цэндсүрэн, заах аргач н.Сумъяа нар хүлээж байлаа.Тус цэцэрлэг 2009 оны есдүгээр сарын 1-нээс зургаан бүлэг 22 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байж. Одоо ч энэ хэвээрээ ажил­лаж, 200 гаруй хүүхдийг сур­ган хүмүүжүүлж, сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа юм. Энэ цэцэрлэгийг үүсгэн байгуулсан Цэндсүрэн эрхлэгч үнэхээр хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн гэдэг нь ярианаас нь мэдрэгдэж байлаа. Тэрбээр “Би нас ахисан хойноо  хүүхэд төрүүлсэн юм. Тэгээд хүүхдээ цэцэрлэгийн насанд хүрэхээр нь оруулах санаатай цэцэрлэг хайж баахан явсан. Гэтэл миний санаанд хүрэхээр орчин нөхцөлтэй, ая тухтай, аюулгүй цэцэрлэг олдоогүй. Тэгээд л цэцэрлэг байгуулах хэрэгтэй юм байна гэж шийдсэн” хэмээн ярьсан. Улмаар зочид буудлын зориулалтаар баригдаж бай­сан барилгыг өөрчилж, “Бөмбөөхөн” цэцэрлэгээ бай­гуулсан юм байна. Улаанбаатарт зочид буудал дүүрчихсэн. Харин хүүхдийн цэцэрлэг дутагдаад байгаа шүү дээ. Ийм цаг үед зочид буудлын барилгыг цэцэрлэг болгож, бяцхан үрсийн төлөө зүтгэж яваа хүн яах аргагүй сайн санаатан байж таарна.

Хувийн цэцэрлэгүүд дундаа хамгийн бага төлбөртэй нь

Хувийн цэцэрлэг гэхээр өндөр төлбөртэй байх ёстой гэсэн бичигдээгүй хууль манайд үйлчилдэг. Тухайн цэцэрлэгийн орчин нөхцөл ямар байх нь хамаагүй. Зүгээр л хувийнх учраас өндөр төлбөртэй байх ёстой гэсэн зарчим баримтлаад байх шиг. Тэгвэл “Бөмбөөхөн” цэцэрлэгийн төлбөр одоогийн байдлаар Монголдоо хамгийн бага нь байна. Тэднийх сард 220 мянган төгрөгийн төлбөрийг эцэг, эхчүүдээс авдаг аж. Өнгөрсөн жил 180 мянга байж байгаад энэ жилээс 40 мянгаар нэмж байгаа ажээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 220 орчим хувийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас хамгийн хямд нь “Бөмбөөхөн” гэдгийг тус цэцэрлэгийнхэн ам бардам хэлж байна. Гэтэл бусад цэцэрлэгүүд хамгийн багадаа сард 250-600 мянга хүртэл төлбөртэй байгаа аж.

 Гэхдээ орчин нөхцөл нь төлбөрт нь таарсан байдаг эсэх нь эргэлзмээр байна. Өнөөдөр Улаанбаатарт байгаа тэр олон цэцэрлэгээс өөрийн гэсэн байртай нь ердөө хоёрхон. Түүний нэг нь “Бөмбөөхөн” юм.  Төлбөр нь хамгийн хямд гэдгийг дээр дурьдсан. Тэгвэл зарим хувийн цэцэрлэгийн удирдлагууд тэдэнд хандаж төлбөрөө нэмэхийг шаарддаг гэсэн. Мөн төлбөрөө улирлаар нь авдаг болъё, энэ тал дээр хамтарч ажиллаач гэсэн хүсэлт, шаардлага ч тавьж байж. Тэр тоолонд тус цэцэрлэгийн захирал татгалзсан хариу өгч байсан гэсэн. Тэрбээр “Бид хүүхдийн сайн сайхны төлөө зүтгэж яваа хүмүүс. Тэгээд ч манай эцэг, эхчүүдийн амьдрал ямар билээ. Улирлын төлбөр төлөх чадалтай хүн тун цөөн. Гэр бүлийн хоёр нийлээд сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд сардаа 220 мянгыг нь хүүхдийнхээ төлөө зарцуулаад байж чадна. Харин улирлаар авах­аар  яаж амьдралаа зал­гуулах юм бэ. Энэ бүхнийг бодолцож төлбөрөө сараар авдаг. Зарим эцэг, эх өндөр байна л гэдэг юм. Гэхдээ би  хүүхдийг тав тухтай орчинд сурган хүмүүжүүлж, аюулгүй байдлыг нь хангаж байна.

 Бид бүх орчноо бүрдүүлдэг. Хүүхдүүдэд хичээл заах хэрэгсэл, материалыг бүрдүүлж байна гэж тайлбарладаг” хэмээсэн юм. Хэдийгээр Улаанбаатарт 200 давсан тооны хувийн цэцэрлэг байгаа ч түүний тун цөөн хувь нь хүүхдийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа бол их юм. Ихэнх нь ашиг олохын төлөө явж байгаа гэхэд хатуудахгүй. Өнгөрсөн жил мэргэжлийн байгууллагаас шалгалт хийхэд цэцэрлэгийн нэр авчихаад, үйл ажиллагаа явуулахгүйгээр хувьсах зардлын мөнгө авч байсан хүмүүс ч гарч ирсэн. Зайсанд байрлалтай өндөр төлбөртэй цэцэрлэгээр ороход өөрийн гэсэн байргүй, нэг байшингийн хонгилд хэдэн хүүхэд “хорьчихсон” байх жишээтэй. Зарим цэцэрлэг нь хүүхдийнхээ хоолыг гуанзнаас зөөж байгаа ч тохиолдол байсан. Харин “Бөмбөөхөн” цэцэрлэг бүх стандартыг барьж, зохих шаардлагын дагуу  ажиллаж, дээрээс нь эцэг эхийн төлөө санаа зовж, төлбөрөө хүртэл хамгийн багад барьж байгаа нь яах аргагүй хүүхдийн төлөө гэх сэтгэлийн илрэл биз ээ.

Хувьсах зардлаар ашиг олно гэдэг худлаа

Ихэнх хувийн цэцэрлэгийг төрөөс мөнгө авч, байгуулсан хүмүүс нь задартлаа баяжсан мэтээр хүмүүс ойлгодог. Яах вэ, зарим нэг нөхдүүд тэгдэг л байх. Олон дунд янз бүрийн сэтгэхүйтэй, ашгийн төлөө явж байгаа хүн байхыг үгүйсгэхгүй. Харин “Бөмбөөхөн” мэтийн стандартын дагуу ажилладаг цэцэрлэгт хувьсах зардал нь хаанаа ч хүрдэггүй аж. Хувьсах зардал гэдэг хувийн цэцэрлэгүүдэд багш нарын цалин, нийгмийн даатгалд зориулж өгдөг мөнгө. Тэгэхдээ намар хүүхдийнх нь тоог нарийн гаргаж, түүндээ тааруулж өгнө. Цэцэрлэг гэдэг хүүхдийн тоо нь үргэлж хэлбэлзэж байдаг газар. Нэг анги 20 хүүхдийн багтаамжтай гэж тооцоод төрөөс мөнгө өглөө гэж бодоход явцын дунд 25 болох нь ч бий. Тэр утгаараа хувьсах зардал хүрэхээсээ хүрэхгүй нь их. Тиймээс эцэг, эхээс авч байгаа төлбөрийн мөнгөөрөө багш нарын цалингаа хангалттай өгч, бусад үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ.

Үлгэрлэн дуураймаар орчин


Ёстой нэг үлгэрлэн дуурайм­аар орчин “Бөмбөөхөн” цэцэр­лэгт байна аа, байна. Үүднээс нь эхлээд аятайхан. Үүдэндээ бяцхан монгол гэр барьчихаж. Гэрийнх нь үүдэнд жижигхэн хашаанд таван хошуу мал “хэвтэнэ”. Гэр дотор хазаар, эмээл, чөдөр, шагай, оньсон тоглоом гээд монгол ахуйтай холбоотой эд зүйл харагдсан. Өнөөдөр хүүхдүүд хонь, ямаа гэдгийг мэдэхгүй, шагайгаар тоглодоггүй, чөдөр ногтны сураг ч дуулаагүй байгаа. Ийм үед монгол гэр, ахуйгаа зааж, бодит орчин бүрдүүлж өгч байгаа нь сайшаалтай. Цаашлаад анги танхим нь том саруул, олон тоглоомтой, тохилог. Анги бүрт телевизортой. Өдөртөө нэг цаг хүүхдүүдэд хүүхэлдэйн кино үзүүлж, цахим хичээл заадаг аж.

Мөн анги бүрт хүүхдэд таарсан 00-тэй, угаалгын машинтай. Ангиудын угаалгын машиныг хооронд нь хэзээ ч сольдоггүй гэж байгаа. Мөн хөгжмийн том заалтай. Бидний хэлж заншсанаар урлаг танхим юм даа. Тэндээ том телевизтэй, олон төрлийн хөгжим, тоглоомтой. Дээрээс нь эмчийн өрөө тусдаа. Саруулхан том өрөөнд уураар утах аппарат ажиллаж байна билээ. Хүүхдүүдийн хоолойг утаж, ханиад томуунаас сэргийлдэг аж. Мөн шаардлагатай нөхцөлд хэрэглэх эм тан бүгд байна билээ. Хамгийн гол нь “Бөмбөөхөн” цэцэрлэг иж бүрэн тоноглогдсон гал тогоотой. Тэнд нь мэргэжлийн тогооч нар ажилладаг. Гал тогоондоо 1, 2 дугаар хоолны гал тогоо, төмс шарагч, гурил зуурагч гээд бүхий л  хэрэгсэлтэй. Тэр ч утгаараа өдөртөө таван хоол өгдөг.  Хүүхэд цэцэрлэг дээрээ өлсөнө гэдэг ойлголт энд байхгүй.

Түүнээс гадна хүнсний агуулахтай. Агуулахдаа аарц, цагаан идээ, гурил будаа, махыг жилээр нь нөөцөлдөг. Хавар хэрэглэх хоолны махаа хүртэл намар нь нөөцөлдөг юм билээ. Түүнээс гадна ахуйн хэрэглээний агуулахтай. Мөн хүүхдийн хоолны аяга таваг, халбага сэрээ угаадаг өрөөтэй. Тэндээ аяга тавгаа ариутгачихдаг юм билээ. Мөн өглөө бүр хүүхдүүдийг ирэхэд ариутгасан халуун алчуураар гарыг нь арчиж, ангид нь оруулдаг гэж байгаа. Энэ нь хүүхдүүдэд ханиад томууны үед өвчлөх эрсдлийг бууруулдаг гэсэн. Тэр ч утгаараа хүйтний улиралд тус цэцэрлэгийн сурагчид ханиад хүрэх нь бага байдаг юм гэсэн. Энэ мэтээр жинхэнэ утгаар нь тохилог, тавлаг орчинг бүрдүүлж чаджээ.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, багш нарын өрөөнөөс эрхлэгч бүх ангиа камераар хянадаг юм билээ. Хүүхдүүдийн  аюулгүй байдлыг хангаж байгаа хэрэг. Багш нар юу зааж байна, хүүхдэд гар хүрч байна уу, үгүй юу гэдгийг хянана гэсэн үг. Ийм тохижилттой, өөрийн гэсэн байртай цэцэрлэг байна гэдэг олон эцэг, эхийн хувьд аз завшаан гэхэд болно. Тэдний уриа нь “Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ, бид хийхгүй бол хэн хийх вэ” гэдэг үг. Нээрээ л одоо хийхгүй бол улс орон даяар сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байна. Гэхдээ хийвэл иймэрхүү стандарттай, тохижилттой цэцэрлэг барьмаар байна. Ийм ажил хийж байгаа хүмүүсээ ч төр засаг нь дэмжих цаг аль хэдийнэ болжээ.

Н.Пунцагболд
Манай сайт танд таалагдаж байвал LIKE дарна уу.Танд баярлалаа.
Түгээх
Сэтгэгдэлийг ачаалж байна...
STYLE