Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 1 сарын 16
Яагаад заавал Эрээн гэж, тэнд очиж дээрэлхүүлэх хэрэг байна уу
-Хараалгаж зүхүүлээд хэдэн бор төгрөгөөрөө Эрээнийг санхүүжүүлэхийн оронд Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, өөрсдөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болох юмсан-

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар тун удахгүй болох гэж байна. Эл баяртаа бэлтгэх гэсэн монголчууд сарын өмнөөс идээ будаа, бэлэг сэлтээ зэхэж эхэлдэг. Энэ ч үүднээсээ урд хөршийг санхүүжүүлэх гол үе гэж нэрлэж болох талтай. Ямартай ч сар шинийн баяраар ирсэн зочныхоо алгыг тэнийлгэх бэлэг сэлтээ авах гэсэн иргэд наймаачидтай зэрэгцэн Эрээнийг зорих нь ихэсчээ. Энэ удаагийн дугаарын сурвалжлагаа ч Эрээнийг зоригсдын цуваатай хөл нийлүүлэн бэлтгэлээ.

Улаанбаатараас Замын-Үүд хүрэх хооронд…

Эрээнийг зоригсод галт тэрэг­ний тасалбар авахаар дугаарлаж, галт тэрэгний буудал хөл хө­дөл­гөөнд дарагдсан байлаа. Энэ хэрээр УБТЗ-ын ачаалал ч ихэсч, нэмэлт гал тэрэг гар­га­сан талаар ярьж байв. Түүнч­лэн амралтын өдрүүдэд урд хөршийг зорьж, бага сага зүйл бэлтгэх гэсэн хүмүүс най­маач­даас өрсөн тасалбараа сарын өм­нөөс захиалсан гэх яриа сонсогдож байсан юм. Үүнээс гадна гэнэт явахаар сэтгэл шулуудсан нөхөд Замын-Үүд явах тасалбарыг хэдээр ч хамаагүй худалдаж авахаа зарлан, галт тэрэгний буудал дээр орилно.

УБТЗ-ын тасалбар түгээх байрны нэгдүгээр давхарт долоон цонх ажиллаж, тасалбар түгээх бөгөөд тухайн өдрийн тасалбарыг өглөө нь бичдэг учраас хүмүүс хонож дугаарласан гэж байв. Ингээд ямартай ч тасалбар авсан хүмүүс галт тэргэндээ суугаад урд хөршийг зорих цаг боллоо. Купей, паскард авсан хүмүүс өөр өөрийн суудалд тухалж, харин нийтийн галт тэргэнд зорчиж буй хүмүүст суудлын булан ч олдохгүй зарим нь зогсоогоороо явахаар болов. Зарим хүмүүс бие засах газрын үүдэнд хүртэл зогсч явсан гэхээр урд хөршийг зоригсдын цуваа ямар их байгааг илтгэнэ.

Замын-Үүдийн машин руу хөлийн чадлаа сорих монголчууд…

Галт тэргэнд суусан хүмүүс мөнгө төгрөгөө тоолж, зарим нь хэнээс хаанаас мөнгө зээлсэнээ ярьж, бас таван гарын муушиг тоглож, хотоос авч гарсан шилтэй цэнхрээ тойруулах гээд ажил ихтэй явахын зэрэгцээ ямар ч байсан цагаан сар өнгөрчихвөл учиртай гэлцэнэ. Найман настай балчираас наян настай буурал хүртэл хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахам явцгаана. Ийн явсаар Чойрт ирлээ. Чойр дээр галт тэрэг 15 минут зогсдог учир хүмүүс замын хүнсээ базааж, зарим нь шар айраг, ганц нэг шил архи авахаар өртөөний дэлгүүрийг зорино. Гэхдээ өртөөний дэлгүүр зорчин явагсдад согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэж тас загнаж, бараг л хөөж гаргаж байв. Харин өртөөн дээр бууз, хуушуур, банштай цай зардаг хүмүүс галт тэрэгнээс бууж буй хүмүүсийг угтан, гүйлдэцгээнэ. Тэнд нэг ширхэг бууз 600 төгрөг, гэхдээ хоолны халуун саванд хийсэн гялгар ууттай бууз бараг л ихэнх нь дутуу байсан талаар зорчигчид гомдоллож байв. Учир нь 10 ширхэгээр савласан буузыг 6000 төгрөгөөр авсан хүмүүсийн заримд нь найм, заримынх нь есөн ширхэг байсан болохоор өртөөний наймаачдыг муулж, гомдлоо тайлна. Харин өглөөний 07.20 цаг гэхэд галт тэрэг Замын-Үүдэд ирж, зорчигчид хил гарах машин руу болон зорчигчдод үйлчлэх төв рүү хөлийн чадал мэдэн уралдана. Зорчигчдод үйлчлэх төв рүү буцах тасалбар авах гэсэн хүмүүс ийн хөлийн чадлаа үзэж, харин эртхэн шиг хил гарах гэсэн хүмүүс эгнэн зогссон автобус, 69, жийп рүү уралдаж хүрсэн юм. Харин зарим хүмүүс Эрээн рүү галт тэргээр гарах учир зорчигчдод үйлчлэх төвийн хоёрдугаар давхарт галт тэргээ хүлээн сууна. Өглөөний тасалбар түгээх ажил ч бас л явдалтай юм. Нийтдээ зургаан цонх байх хэдий ч нэг нь Эрээн рүү гарах галт тэрэгний тасалбар борлуулж, үлдсэн тавынх нь гурав нь Улаанбаатар руу буцах тасалбар түгээнэ.

Гэхдээ зарим нь танил талдаа тасалбараа захиж үлдээх нь ч байх юм. Эрээн рүү гарах галт тэрэгний тасалбар 12500 төгрөг байх. Харин 69-ийн жолооч нар 80 юаниар хил давуулах бол автобус 50, харин жийпний жолооч нар 100 юаниар гаргаж байсан юм. Уг нь энгийн үед 50 юаниар гаргадаг байсан машинууд баяр ёслолын үеэр ийн үнээ нэмжээ. Тиймээс Эрээн рүү гарах гэж байгаа хүмүүсийн дийлэнх нь галт тэргийг сонгох болсон байна. Учир нь машинаас буугаад гааль дээр очиж дугаарлан байж, бас гадаа зогсч даарахгүй, шалгагчид орж ирээд л паспортыг нь хурааж аваад штамп даруулаад ирнэ. Ингээд хагас цагийн дотор л Эрээнд очих нь тэр. Ийм болохоор хувийн ажлаа амжуулахаар яваа иргэдийн дийлэнх нь галт тэргийг сонгох болсон биз. Манай сурвалжлах хэсэг ч мөн галт тэргийг сонгосон юм. Гэтэл манай купейнд нэгэн эмэгтэй болон хоёр ч хүн суулаа. Уг нь купейнд дөрвөн хүн суух ёстой атал Эрээн рүү гарах гал тэрэгний нэг купейнд долоон хүн сууж гарах нь тэр.

Хоёр хүн нь зорчигчдод үйлчлэх төвийн кассеруудын буруугаас болж, бараг л суудалгүй үлдэх шахаж, галт тэрэгний дарга, вагон депогийн дарга, кассын дарга нар буудал дээр хуралдсаны эцэст арай гэж нэг юм долуулаа суугаад гарахаар болов. Бас болоогүй купейнд маань нэмэгдэж суусан эгч Замын-Үүдэд байх импортын барааны агуулахаас бүтээгдэхүүн авч Эрээнд байх супермаркетийн лангуунд “шахдаг” гэнэ. Долоо хоногт дөрвөн удаа Эрээн рүү гардаг гэх түүнийг вагон депогийн ажилтнууд таньдаг, гаалийн байцаагч хүртэл нэг их юм хэлдэггүй нь ажиглагдсан. Уг нь Эрээний галт тэргээр явахад нэг хүн 25 кг ачаа буюу гар тээшнээс өөр зүйл авч явах ёсгүй гэх дүрмээ барьдаг ч мань хүн хоёр дүүгийнхээ хамтаар 40 гаруй цүнх дүүрэн чихэр авч яваагаа ярьж байсан юм. Түүний цүнхтэй чихрээс гадна нэг торонд хонины нойтон цул мах байгааг ч тэр нуугаагүй, мөн хамаг ашиг нь нойтон маханд байдгийг ч хэлж байсан. Гэхдээ мань хүн тортой махаа купейны ширээн дор эвтэйхэн гэгч нь тавиад бүтээлгийг нь унжуулахаа ч мартаагүй юм. Иймэрхүү зүйлийг гаалийн байцаагч нар мэддэг хэдий ч мэддэггүй дүр эсгэдэг бололтой. Ямартай ч эгчийн цүнхтэй чихрийг хальт харсан болоод л өөр зүйлийг нь шалгаагүй юм. Иймэрхүү маягаар явсаар Эрээний хилийн нэвтрэх хэсэг дээр очиход нөгөө эгч маань цүнхтэй чихрийнхээ дор махаа тавьчихсан харагдсан. Хилээр нойтон мах бүү хэл хиам, архийг нэвтрүүлдэггүй гэж ярихыг нь сонсч байсан ч гаалийн байцаагч нар бүх цүнхийг онгойлгож үздэггүйг энэ үеэр мэдлээ. Эгч хүүхэн чихрээ шахахаар супермаркет руу хөдөлж, харин бид буудалд буухаар саллаа.

Найман настай балчираас наян настай буурал хүртэл Эрээний зээл дээр хөлхөнө


Сүүлийн үед монголчуудын ихээр буух болсон буудал нь “Жинь хай” хэмээх буудал. Үнэ өртөг нь гайгүй, бас ч гэж цэвэрхэн болохоор нь монголчууд их буудаг хэмээн ажилтнууд ярьж байсан юм. Хоёр ортой өрөө нь 128, дөрвөн ортой нь 258 юань болохоор монголчууд 4-8-уулаа явж байгаа тохиолдолд хуваагаад л төлчихдөг гэнэ. Тэгэхээр нэг хүн 32 юань буюу 7216 төгрөгөөр л нэг хоночихдог учраас ингэж бүх өрөө нь байнга дүүрэн байдаг байх. Ямартай ч биднийг буудалд буух үед өндөр настай ээжийгээ дагуулсан нэлээдгүй монгол бууж байгаа харагдсан. Тэд бүгд л буудалдаа төвхнөж аваад Эрээний зээл болон тавилгын дэлгүүр болон бусад дэлгүүрийг зорих нь тэр. Монголчуудын амьжиргааны төвшин дээшилсэн, ер нь шинэ байранд орсон л бол тавилгаа Эрээнээс базаах болсон гээд өвөрмонгол, хятад жолооч нар өөр хоорондоо ярилцана. Буудлын үүдэн дээр такси бэлэн, жолооч нар “Явах уу, найз аа”, “Хаашаа явах вэ, 5 юань” гээд барьж идэх шахна. Тэгээд унаа авахгүй гэвэл араас нулимах, хараал хэлээд үлдэх юу ч биш. Жинхэнэ наймаачдын дунд орохоороо элдвээр хэлүүлнэ.

Хамгийн түрүүнд овор ихтэй бараа гэдэг утгаараа, бас сар шинийн өдрүүдэд гэрээ гоёх гэсэн монголчуудыг дагаад тавилгын хамгийн том дэлгүүр болох “Шинь тун”-ыг зорилоо. Үнэхээр гэрээ гоёх гэсэн монголчууд тэнд дүүрэн байна. Тавилга тавьсан хэсэг бүхэнд нэг өвөрмонгол, нэг хятад эзэн байна. Өвөрмонголчууд хятад эзнээ монгол хэл мэдэхгүйг далимдуулан дундаас нь 200-300 юань унагах гэж хэрэндээ л хичээнэ. Харин манайхан хятад эзэдтэй тооны машин барьж байгаад л учраа олчихдог болсон байна. Бас болоогүй өвөрмонголчууд тавилгын үнэ Монголд хэр байгааг хэзээний мэдчихсэн “Танай Костко, Мишээл экспо дээр манай тавилга ийм үнэтэй байгаа. Чи эндээс аваад явахад алдахгүй”, “Манай лангуу танай тэнд бий” гэнэ. Үнэн хэрэгтээ Монголд тэр дундаа Улаанбаатарт худалдаалагдаж байгаа бүхий л төрлийн барааны үнийн судалгаа хийдэг бүхэл бүтэн баг ажилладаг гэдгийг нэг өвөрмонгол ярьж байсан юм. Үнэний ортой л юм хэмээн бодож явлаа. Бүх л дэлгүүр, зээлээр явахад монголчлогдсон хятадуудын амнаас “брэнд” гэдэг үг унана. Арай л зээл дээр зарж байгаа бараагаа брэнд гээд хэлчихгүй /гэхдээ зарим хятад брэнд гэдэг юм билээ/.

 Тавилгын үнэ Улаанбаатарт борлуулагдаж байгаагаасаа арай хямд хэдий ч цагаан сарын үеэр гэр орноо гоёх гэсэн монголчууд их ирдэг тул 300-500 юаниар нэмэгджээ. Эрээний алдартай бүдүүн дэлгүүр, “Жин Е” их дэлгүүр, супермаркетад худалдаалагдаж байгаа барааны үнэ нэлээд өссөн байна. Бүр зээл дээр наймаа хийж байгаа хятадууд хамраа сөхөж, их зан гаргах болжээ. Тэд 10 ширхэг бараа авах хүнтэй тоож харьцахгүй, үнээ ч хэлэхгүй. 100-500 ширхэгийг авна гэвэл арай л өөр хандана. Мөн нэг ширхэг бараа авах бол нохой шиг л хөөж туух нь энүүхэнд. Тэднийг ийн оодруулсан хүмүүс нь монголчууд шүү дээ гэж бодохоор дотроо уур ч хүрэх шиг. Зээлийн өнгө төрх гундуухан, Дүүрэн хятадууд, хүүхдүүд нь нус цэрээ хаясан шалан дээгүүр нь мөлхөж тоглоод л, монголчууд л болсон хойно яарч тэвдэж яваад хүүхдийг нь шүргэчихвэл бөөн хэл ам болно. Үүнээс гадна хятадуудын зарж байгаа барааг гараараа барьж үзэж бараг л болохгүй. Учир нь авахгүй байж бараа үзэж сандаачлаа гээд мөнгө нэхнэ.

Загнуулж байгаад авбал нүүрэнд нь инээмсэглэл тодроод л ирнэ. Хүнийг алагчилж үзэх бол энүүхэнд. Монголчууд, тэр дундаа хөдөөнөөс шууд Эрээн рүү очиж байгаа монголчууд тэднийг ийн давраажээ. Учир юу гэвэл хотод тухайн барааны үнэ өртөг ямар байгааг мэдэхгүй гэж боддог болохоороо тэд монгол дээлтэй, хөдөөний царайтай хүмүүсийг харахаараа баярладаг тухай нэгэн жолооч хүүрнэсэн юм. Тиймдээ ч “Чи юу авах вэ найз аа”, “Гуня ямар бараа үзэх вэ” гэхэд нь хариу хэлэхгүй тоомжиргүй өнгөрвөл “Үхэр монгол юунд их зан гаргана вэ”, “Дээлтэй монгол найз ирээд авна ваа”, “Чи муу зайл” гэх зэргээр харьцана. Тэнд юун хэрэглэгч бол хаан, тийм зүйл ерөөсөө байхгүй. Аягүй бол нийлээд зодож байж ч мэдэх хүмүүс. Тийм болохоор Эрээний зээл дээрх хятад наймаачидтай болгоомжтой л харьцах хэрэгтэй юм билээ.

Монголчууд л булга өмсч, торго дурдан авдаг юм байна


Зээл дээр хөл гишгэх зайгүй дүүрэн монголчууд. Тэд хуурамч, жинхэнэ нь мэдэгдэхгүй булга өмсч үзээд л, хятадууд ч гоё байна, сайхан гуня гэхээр нь “хошгироод л” үнийг нь ч буулгахгүй авна. Хамгийн гүйлгээтэй бараа бол булган эдлэл, тавилга, торго дурдан, жижиг сажиг хэрэгтэй хэрэггүй бэлэгний бараа. Энэ бүхэн дээр монголчууд ёстой л алалцаж байна. 10 юань гээд хэлчихвэл ашгүй хямдхан юм байна гээд л үсэрч очоод авна. Үнэндээ 10 юань бол 2250 төгрөг. Энэ мөнгөөр Улаанбаатараасаа хөөрхөн юм бэлтгэчих боломжтой санагдана. Гэхдээ л Эрээний юм илүү харагддаг бололтой, монголчуудад. Ерөнхийдөө л бүхий л зүйлийн үнэ хэвээрээ юм шиг санагдах боловч, бас л 5-10 юаниар нэмэгдсэн байв.

Энд бэл бэнчингээ гайхуулах гэсэн хүн цөөнгүй ирдэг бөгөөд тэдгээр нь дэлгүүрийн лангуу хэсээд алга болно. Бэл бэнчин муутайхан нь шинэ, хуучин зээлээр хөлийнхөө улыг эргэтэл явна даа. Том том хар тор дүүрэн хэрэгтэй, хэрэггүй зүйл цуглуулсан хүмүүсийг таксины жолооч нар, хүн тэрэгнийхэн дайрчих шахаад л өнгөрнө. Эсвэл таван алхмын газар такси нь 5-6 юаниар хүргэж өгнө. Харин хүн тэрэг нь нэг хүн нэг юань. Гэхдээ ачаатай бол хоёр гээд нэмэгдэнэ. Эрээний супемаркетуудад элдэв харь орны бараа нүдний гэм. Бараг л байхгүй. Учир нь тэр бүх брэндийг хятадууд өөрсдийн болгоод дуурайлгаад хийчихсэн учраас тэнд харь орны хэлтэй бараа харагдахгүй байгаа нь энэ аж.

Бүр Өвөрмонголоос өрөм, цөцгий орж ирдэг бөгөөд тусгай лангуу хүртэл байх. Тэр лангууг мэддэггүй бололтой монголчууд уулга алдаад л өрөм, цөцгий, хуруудны үнэ хямд байгааг гайхаж, 50 сая малтай монголчууд эндээс ингэж өрөм, цөцгий авах гэж хэмээн халаглаад л авч байх юм. Тэр лангуун дээр зогсох худалдагч манайхаас өрөм, цөцгий бөөндөж аваад Улаанбаатарт аваачиж зардаг хүмүүс байдаг гэж ярих юм билээ. Үнэн худлыг бүү мэд. Гэхдээ л таргаа исгээд уучихаж чадахгүй байгаа монголчууд тэндээс зөөдөг нь үнэний ортой л байх. Учир нь өрөм 20 юань /4500 төгрөг/, цөцгий нь 12 юань /2700 төгрөг/ байгаа учраас тэндээс зөөж, Улаанбаатарт авчираад 7000-9000 төгрөгөөр зарж байгааг үгүйсгэх аргагүй. Үнэн байдал ийм л байна. Бид үнэхээр хятадуудыг санхүүжүүлж, тэдний хараат болсон нь энэ мэт жижиг зүйлээс л харагдана. Ингээд зээл рүүгээ эргээд ороход үүдэнд нь валют сольдог хятадууд дүүрэн. Тэд бол жинхэнэ луйварчид. Юань нь дуусаад хэдэн монгол төгрөгөө солиулах гэсэн монголчуудыг өлхөн хулхидна. 1000 юань авах гэж байгаа хүнд 900-г өгчихөөд ичих ч үгүй тас гүрийнэ. Манайхан ч хэнэггүйгээсээ болоод хэл аманд өртчих гээд байдаг юм шиг байгаа юм.

Буудалд буусан хоёр монгол боож үхсэн тухай яриа дэгдэж, монголчууд хүн чанаргүй гэгдэв

Дээр монголчуудын ихээр буудаг “Жинь хай” хэмээх буудалд бууснаа бичсэн билээ. Дэлгүүр, зээлээр орж яваад ирэхэд тэндэхийн хоёрдугаар давхарт буусан хоёр монгол иргэн боож үхсэн гэх яриа гарч, үүдэнд зогссон жолооч нар “Танай хоёр монгол боож үх ваа”, “Монголчууд ирэхээрээ дандаа хэрэгт орооцолддог” гэх яриа чихний гадуур өнгөрсөнгүй. Биднийг очих үед талийгаачдыг аль хэдийнэ хааш нь ч юм аваад явчихсан, буудлын үйлчилгээ хэвэндээ орсон, хүмүүсийн хэл нь татчихсан юм шиг байсан учраас энэ талаар дорвитой мэдээлэл олдсонгүй. Эрээн хотод суугаа консултай уулзах гэсэн боловч амралтын өдөр таарсан учраас уулзаж чадаагүй юм. Ямартай ч эл хэргийн талаар хүмүүс өөр өөрийнхөөрөө бодоод л өнгөрсөн. Зарим нэг нь “Мөнгөө алдаад сэтгэл санаагаар унасан байх”, “Хоёр хүн архидаж байгаад нэгнээ хөнөөгөөд айсандаа нөгөө нь боож үхсэн байх”, “Хятадуудтай ам мурийснаас болж алуулсан байх” гэсэн таамагтай байсан юм. Бас зарим нэг сүсэг бишрэлтэй нөхдүүд “Дараа ирэхдээ энэ буудалд буухгүй ээ” гэж ч ярьж байв. Гэхдээ хүмүүсийн дийлэнх нь энэ хэргийг худлаа байх гэж бодож байсан ч хилээр гарахын өмнө жолооч нартай ярьж байхад үнэн болох нь батлагдсан юм. Албаны эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл аваагүй учраас энэ хэргийн талаархи олны амнаас сонссон зүйлээ сийрүүлэв.

Ер нь ч монголчууд БНХАУ-ын Эрээн хотод зорчихдоо хэл аманд орооцолдох, амиа алдах, хятадуудтай зодолдох, мөнгө төгрөгөө алдах гээд багагүй хэрэгт өртдөг болох нь ажиглагдсан. Өмнө нь ч Эрээнд нэг монгол залуу амиа алдсан хэрэг гарсан. Эл хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гарсан юм билээ. 20 гаруй насны дөрвөн монгол залуу БНХАУ-ын Эрээн хотноо арилжаа наймаа хийх зорилгоор очоод, шөнийн цэнгээний газарт сууж байсан залуус хятад иргэдтэй муудалцсаны улмаас А-г нэгэн хятад хутгалж, амийг нь хөнөөсөн гэдэг. Эл хэргийг тус хотын Цагдаагийн газраас манай улсын консулд мэдэгдсэн учраас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул Б.Саруул нэгэн мэдэгдэл хийж байсан санагдаж байна. Тэрбээр “Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-ны өглөө үүрээр энэ хэргийн талаар мэдэгдсэн. Тэр өглөө нь бид газар дээр нь очиж шалгаад ар гэрт нь мэдэгдсэн. Хэрэгт сэжигтнээр татагдсан хүмүүсийг Эрээн хотын Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Хэрэг зөрчил, маргаан маш их гардаг. Мөнгө төгрөгөө алдсан, хэрэг төвөгт орооцолдсон иргэдэд бид тусалдаг" гэж ярьсан байсан юм.

Гэхдээ нэг учир дутагдалтай нь манай улсын консул ямар ч хэргийн материалтай бүрэн танилцах боломжгүй, прокурорт шилжсэнийх нь дараа танилцах боломжтой болдог юм байна билээ. Мөн сүүлийн үед Эрээнд монгол хүүхдүүд ганц нэгээрээ алга болох болсон гэнэ. Эрээн хот дахь нэгэн зочид буудлаас хоёр монгол хүүхэд алга болсон талаар хүмүүс ярьж байв. Сандарч тэвдсэн ээж нь хотын Цагдаагийн хэлтэст очиж мэдүүлтэл “Сүүлийн үед монгол хүүхэд алга болсон талаар танай нэлээд хэдэн хүн хандсан. Хүүхдээ сайтар харж байхгүй яасан юм” гэж ээж рүү нь уурласан гэнэ. Тэр эх 14-18 насны хоёр хүүхдээ хоёр өдөр хайсан боловч олоогүй гэж тэнд өмнө нь ирж байсан хүмүүс ярьж байв. Бас нэг зүйл бол монгол хүн монгол хүндээ хайргүй гэдгийг эндээс мэдрэх болно. Цэвэр цусны хятадууд арай л найдвартай гэлцэх юм. Учир нь монголчууд нь монголчуудыгаа хамгийн их хулхиддаг бөгөөд бараа аваад монгол жолоочид тавьж явуулахаар зарим нь өөрөө авчихдаг. Эсвэл нэг сарын дараа мөнгө нэхэж ярьдаг. Зарим хүн Улаанбаатарт ирсэн хойноо бараагаа авах гэж нэг сарын дараа арга ядаад буцаж очиж авдаг тухай яриа өрнөнө. Бас болоогүй монгол эзэнтэй зоогийн газрын хоол авах юмгүй. “Солонго” хэмээх зээлийн хажуугийн жижиг зоогийн газрыг 50 гаруй насны монгол авгай ажиллуулдаг гэнэ. Түүний хүү нь жийп хөлөглөн Замын-Үүд, Эрээний хооронд хүн зөөдөг тухай жолооч нар ярьж байв. Хүний газарт нус цэр шиг хоолыг нь идэж чадахгүй зүдэрч яваа монголчууд тэнд орж хооллоно. Гэтэл тэнд ч бас ялгаа алга. Өндөгтэй хуургыг өндөгний хальстай нь хийчихнэ, хоол авсан хүний захиалга цаг гаруй болж байж арай гэж ирнэ, зөөгч нар нь ааш муутай, орж ирсэн хүмүүсийг нэг нүдээрээ ч харахгүй гээд шүүмжлэх зүйл олон байв. Ер нь Эрээнд хүн эд хөрөнгөний төлөө улайрахаараа яаж адгуус болдгийг монголчууд л үзүүлдэг гэдэг үнэн юм шиг ээ.

Хаалгатай машинуудын жолооч нарын яриа…


Хятадын гааль руу түрүүлж орох гэж уралдан гүйж байгаа нутаг нэгтнүүдээ хараад ичих ч шиг, өрөвдөх ч шиг болов. Буцахдаа вагонд орох гэж бие биеийнхээ толгой дээр гишгэх шахам зүтгэх хүмүүсийг хараад энэ хүмүүс монгол хүмүүс биш, өөр хүмүүс л байгаасай л гэж бодогддог юм билээ. Ер нь аль ч оронд очихоороо монголчууд бие биедээ их дээрэнгүй болдог, тааралдахаараа баярлах биш ихэмсэг хардаг гэж Эрээнээс Улаанбаатарыг зорих хүмүүс ярьж байсан. Мөн хаалгатай ч тэр, хаалгагүй ч тэр жолооч нар хаа сайгүй бичиг өгөх гэж уралдан гүйцгээнэ. Учир нь сар шинийн баяр ойртсон тул хүмүүс ямар ч үнээр хамаагүй хил давах гэж жолооч нарыг яаруулна. Эрээнээс хаалгатай /ямар ч үед урдуур ордог машинууд/ машинууд 200 юаниар хил гаргаж, Замын-Үүдэд хүргэх бол дугаарлаж зогсох машинууд 100 юаниар үйлчилнэ. Учир нь хаалгатай машинаар л гарахгүй бол галт тэргэндээ амжиж сууна гэдэг бэрх. Тэгээд тасалбараа авчихсан бол бүр хэцүүднэ. Тийм учраас ямар ч үнэ төлөхөд бэлэн хүн олон байлаа. Бид хаалгатай машинд суусан учраас жолоочтой нь хөөрөлдөж амжив. Эрээнээс 11.00 цаг гээд гарахад л хил дээр очоод бараг нэг цаг болно. Хятадын хил арай л гайгүй. Үйлчилгээ хурдан, харин машинаа хүлээж зогсоо монголчуудад хүлээлгийн танхимд суух газар үл олдоно. Жолооч нар энэ тэрүүгээр гүйж байгаад эвтэйхэн аргалчихвал машиндаа хурдхан сууна. Эс бөгөөс тэнд хэдэн ч цаг болж мэднэ. Хаалгатай машины жолооч гэгдэх нэгэн залуутай ярьж байх үед Хятадын талын хилийн цэргүүдийг сард нэг удаа дайлж, цайлдаг, бас “хүүхэндүүлдэг” гэв.

Гэхдээ хятад цэргүүд монгол хүүхэн авахаасаа илүүтэй хятад хүүхнүүдийг авдаг гэнэ. Эрээнд бас монгол, хятад гэсэн хоёр талтай байх юм. Баруун жигүүрт нь монгол биеэ үнэлэгч нар байх бөгөөд зүүн талд нь хятад хүүхнүүд биеэ үнэлдэг аж. Монгол биеэ үнэлэгч нарын цагийн ханш нь 200-300 юань байдаг бол хятад хүүхнүүд эрчүүдтэй нэг удаа бэлгийн харьцаанд ороход 50 юань байдаг аж. Тийм учраас хятад хүүхнүүдийг авах сонирхол эрэгтэй хүмүүст их байдаг гэнэ. Мөн “Контик” гэх 500 төгрөгийн печень, аар саархан зүйлд хятад цэргүүд зүгээр л хөдөлдөг гэнэ. Хаалгатай машинууд бусдыгаа бодвол үнэхээр өөр юм. Сардаа нэг удаа хангамж үзүүлдэг, тэгээд ч Эрээнд амьдардаг болохоор хятад цэргүүд ч шалгасан дүр үзүүлээд л өнгөрдөг аж. Ямартай ч хар хурдаараа давхисаар байгаад л Монголын хил дээр ирэхэд хаалгатай машинууд хумигдаж эхлэв. Учир нь тэд Хятадын талаа аргалахаас бус Монголын талын байцаагч нарыг тэр болгон аргалж амждаггүй гэнэ. Харин Замын-Үүдэд амьдардаг, тэндээс ирж байгаа жолооч нарт Монголын тал гайгүй хандаж, Хятадын тал хатуурхдаг гэнэ. Энэ мэтчилэн жолооч нарт хүртэл ялгаа байна аа, байна. Гэхдээ л Монгол талын байцаагч нар ачааны машинаас 600-700 юань авдаг бол жижиг тэрэгнээс 100-200 юань салгаж, урдуур нь оруулах, хурдан шалгах зэрэг үйлчилгээг үзүүлдэг гэнэ билээ. Ямартай ч Монголын гаалийн байцаагч нар энэ хүнд суртлаасаа салж, ажлаа хийвэл хийсэн шиг хийх нь зөв гэж хүн болгон ярьж байхыг сонссон учраас энэхүү шүүмжлэлийг дамжуулахыг хичээлээ.

“China Duty free”-ийн худалдагч нар монголчуудыг хүн гэж тоохгүй


Эрээний хил дээр ирэхэд “China Duty free” хэмээх татваргүй барааны дэлгүүрээс ориг виски, тамхи, гоо сайхны бүтээгдэхүүн авах гэсэн хүн олон байх юм. Харин энэ дэлгүүрийн худалдагч нар гэж их зантай, ааш гэж авах юмгүй хүмүүс байх юм. Ядаж Эрээнээс орж ирж байгаа хүмүүс ихэвчлэн тус дэлгүүрийн худалдагч нарын цайны цагтай таарна. Гэсэн ч тэд “Цайны цаг” гэсэн бичиг ч хадчих ухаангүй бололтой. Нэгнээ орлож, барааг нь түр харж байгаа худалдагч нарыг хэн ч тэгж байна гэж ойлгохгүй. Бараа үзэх гэхээр “Хүн цайндаа орсон. Амарч байна. Чи гар аа” гэх нь ямар ч хүнд эвгүй санагдана. Хэрэв дургүй нь хүрсэн нэгэн шөргөөж орхивол тэр дэлгүүрээр нэг юм болно. Бас болоогүй татваргүй бараан дээрээ 20-50 юань нэмж зардаг гэх яриа үнэний ортой юм.

Учир нь Dunhill хэмээх тамхи блокоороо 120 юанийн үнэтэй байв. Нэг хүн тэр тамхийг авсныхаа төлөө бөөн асуудалтай тулгарав. Учир нь кассан дээр авсан тамхиа бичүүлэхээр очтол 100 юань хэмээн бичээд үлдсэн 20 юанийг худалдагчид сэмхэн өгчих нь тэр. Үүнийг харсан зорчигч касснаас талон нэхтэл “Манайх талон өгдөггүй” гэсэн хариулттай нүүр туллаа. Энэ байдлыг даргад нь хэлнэ гэвэл “Ямар учир болчихоод чи даргад хэлнэ гэв. Манайх талон өгдөггүй. Тэгээд чих яах юм” гэж омогдов. Үнэхээр тэр үед дарга нь байсан бол ороод учраа хэлэхэд ямар нэгэн байдлаар зохицуулах л байсан байх гэж бодогдсон юм. Хятадуудыг ийм л омогтой, давруу, дээрэлхүү болгосон хүмүүс нь бид шүү дээ гэж тэр хүн халаглаад л өнгөрлөө.
 
Замын-Үүдийн гаалийнхны хүнд суртал хэрээс хэтэрчээ


Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр түгжрэл, эр бяр, чадал чансааг ёстой шалгах юм. Машинууд ч тэр, хүмүүс ч тэр оочерлож, хар хөлсөө цувуулан, уур бухимдлаа барна. Жийпний жолооч нар 69-ийнхнөөс айдаг гэнэ. Хилийн шалган нэвтрүүлэх цэгийн төмөр хаалгаар 69-ийн жолооч нар мөргөлдөөд л, чихцэлдэнэ. Ингэж орохоос ч өөр арга байдаггүй талаар жолооч нар ярьж байв. Харин жийпнийхэн 69-тэй мөргөлдвөл машин нь эвдрэх учраас арай л холуур дөлнө. Мөн Эрээний хил дээр журамтай байсан хүмүүс эх орондоо ирээд л бухимдаж, уурлаж, нэгнээ хараана.

Галт тэрэгнээсээ хоцрох гэж ядаж байгаа хүмүүсийн бухимдал хэрээс хэтэрч байхад гаалийн байцаагч нар нь олдохгүй жолооч нарыг ядраана. Ядаж Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх байр жижиг, суух ч газар олдохгүй, арай гэж эх орондоо ирж, амт шимттэй хоол идэх гэсэн хүмүүс шалган нэвтрүүлэхийн байранд зарах мантуун буузан дээр алалцана. Арай гэж авсан буузаа зогсоогоороо идэх ч бас хэцүү. Байр байдал иймэрхүү, гаалийн байцаагч нар нь хүнийрхүү нэг ийм л дүр зураг Замын-Үүдийн гааль дээр байна даа. Гаалиар арай гэж нэвтрээд өртөөн дээр ирэхэд ачаа ачих гэсэн тэрэгчмид дайрчих шахам мөргөлдөж, уралдана. Хэрэв ачаагаа ачихгүй гэвэл уурандаа хүмүүсийн барааг дайрчихаад яваад өгөх нь энүүхэнд. Үүнээс гадна гал тэргэнд ачаа оруулж өгдөг хүүхдүүд гүйлдэж, зарим хүний ачаа вагоны хаана, ямар байрлалтай байхыг нь хүртэл зааж, уурлуулна. Энэ мэтчилэн ачаа, бараагаа зөөх гэж ядаж байгаа хүмүүсийг галт тэрэгний үйлчлэгч загнаж, бухимдуулна. Кассерууд орж ирээд гэртээ авсан жаахан юмнаас нь ачааны үнэ авна гэж уурлуулна. Энэ бүхэнд бухимдсаар эрүүл монгол хүн үгүй болох нь дээ, цаана чинь.

Улаанбаатарт ирээд ч уужуухан амьсгаа авахад бэрх

Галт тэргэндээ амжиж суусан хүмүүс Улаанбаатар хүрэх хооронд юу эсийг хийх вэ. Эрээнээс авсан эд бараагаа нэгэндээ үзүүлж, чанар муутай сайтай хэмээн маргалдаж, хятад архи сэнгэнүүлэн, таван гар суусаар шөнийг өнгөрүүлнэ. Улаанбаатар утаатай ч гэсэн сайхан гэдэг үгийг галт тэрэгнээс буух бүх монгол хэлдэг гэхэд хилсдэхгүй. Үг хэлээр дормжлуулж, үйл тамаа үзэж ирсэн хүмүүс галт тэрэгний буудал дээр ирээд бас л хэл аманд өртөнө. Ачаагаа ачуулахгүй гэвэл тэрэгчид уурлана, 5000 төгрөгөөр явахгүй гэхээр таксины жолооч уурлана.

Энэ мэтээр хаа сайгүй стресстсээр гэртээ ирээд амарна. Үнэндээ монгол түмний үндэсний уламжлалт баяр гэж хөөрцөглөж байгаа хэдий ч энэ мэт доромж байдалд байх нь хэрээс хэтэрнэ биз дээ. Түүний оронд Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд, үр хүүхэддээ эрүүл хүнс, идээ будаа өгсөн шигээ, ах дүү, амраг саднаараа учран золговол амар биш үү. Ямар ч баяраараа бид хамаг хөрөнгөө харь орон руу урсгаад хар элгийн хүнд загнуулж явах шийтгэл амсаагүй биз дээ, монголчууд аа.

Э.Энхцэцэг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE дарна уу.Танд баярлалаа.
Түгээх
Сэтгэгдэлийг ачаалж байна...
STYLE